2019-06-17 18:36:02

Ноос, ноолуурын зах зээл

  Монгол улс нь жилдээ 6.0-90 орчим мян.тн ямааны ноолуур, 23.0-27.0 мян.тн орчим ноос бэлтгэдэг. Ноолууран түүхий эдийн бэлтгэлээр Монгол улс нь БНХАУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт ордог ажээ. Монгол ноолуур нь Хятадын ноолуурыг бодвол нарийн ба дундаж уртын үзүүлэлтээр илүү бөгөөд ноолуурын дундаж урт нь сүлжмэл болон нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд илүү тохиромжтой байдаг. Дэлхийд ойролцоогоор 20 мянган тонн ямааны ноолуур бэлтгэж байгаагаас 60% буюу 12 мянган тонныг Хятад улс, 30% буюу 6-8 мянган тонныг Монгол улс, үлдсэн 10% буюу 2 мянган тонныг Пакистан, Афганистан, Иран зэрэг бусад  улсууд бэлтгэдэг ажээ.
  Манай улс хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарт сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа ба тус салбарын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гадаад худалдааг дэмжих зорилго тавин ажиллаж байна. Улсын Их Хурал болон Засгийн газраас 2016 онд эрх зүйн бичиг баримтуудыг шинэчлэн найруулж хууль эрх зүй таатай орчин бүрдүүлж эхлээд байна.
  Дотоодод үйлдвэрлэж буй ноолууран нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг самнасан ноолуур, 40 гаруй хувийг сүлжмэл эдлэл, 10 орчим хувийг хөнжил, даавуу эзэлдэг. Самнасан ноолуур, сүлжмэлийн чанар нь дэлхийн зах зээлийн хэрэгцээг хангахаас гадна олон улсын чанарын тэмдэгтэй бүтээгдэхүүний тоонд багтдаг. 2017 оны байдлаар Монгол улсад цогцолбор үйлдвэр 15, сүлжмэлийн үйлдвэр 49, анхан шатны боловсруулах үйлдвэр 25, нийтдээ 89 үйлдвэр үйл ажиллагаагаа эрхлэх зөвшөөрөлтэй байна. Үүний 60.0 хувь нь угаах, самнах, 40.0 хувь нь сүлжмэл эдлэл, хөнжил болон бусад төрөл бүрийн ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байна.
  Ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт сүүлийн 3 жилд өссөн хандлагатай байгаа ба 2017 оны жилийн эцсийн дүнгээр 707.6 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оноос 28.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Сүүлийн 6 жилд нийт 196 компани ноос, ноолуур, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолсон байна.
  Манай улсын ноос, ноолуур, ноос ноолууран бүтээгдэхүүний экспорт илүү өргөн хүрээг хамарч байгаа ба 2012 онд нийт 18 улсруу экспорт хийж байсан бол 2017 онд 25 болтлоо өссөн байна. Харин 2012-2017 оны хооронд буюу сүүлийн 6 жилийн турш нийт 36 улсруу ноос, ноолуур, ноос ноолууран бүтээгдэхүүн экспортолсон ажээ. Нийт экспортын 84.9 хувийг БНХАУ-руу, 11.9 хувь Итали улсруу гаргасан байна. БНХАУ гаргах ноос, ноолуур, ноос, ноолууран бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн жилүүдэд хурдацтай өссөн хандлага ажиглагдаж байна.
  Нийт экспортын дүнг бүтээгдэхүүний төрлөөр авч үзвэл 2017 оны нийт экспортын 98.9 хувийг боловсруулаагүй болон хагас боловсруулсан түүхий эд, 1.1 хувийг ноос, ноолууран бүтээгдэхүүн эзэлж байна. Боловсруулаагүй болон хагас боловсруулсан түүхий эдэд ноолуур, хонины ноос, тэмээний ноос, сарлагийн хөөвөр зэрэг багтах бол ноос, ноолууран бүтээгдэхүүн буюу ноос, ноолууран даавуу, утас, уяа, оосор зэрэг бүтээгдэхүүнийг хамруулсан болно.
  Энэхүү хурдацтай өсөж буй дэлхийн зах зээлийн эрэлтийг хангаж, өөрсдийн давуу талаа ашиглахын тулд бид дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэн, эцсийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах хэрэгцээ шаардлага тулгарч байна.

RELATED NEWS