Нийтлэсэн: Basu

Судалгааг бизнестээ ашигласнаар бий болох 5 давуу тал

Аливаа зах зээлд амжилттай ажиллаж чадах уу, үгүй юу гэдгийг мэдэх үндэс суурь бол зах зээлийн судалгаа юм.
Зах зээлийн судалгаа нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх гадаад болон дотоод орчныг бодитоор харах, өрсөлдөгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй өөрийнхийгөө харьцуулах, хэрэглэгчийн үзэл баримтлалыг мэдэх гэх мэт тухайн санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээг олон талаас нь харах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл бизнестээ судалгааг ашиглах нь байр сууриа, зах зээлээ, хамгийн чухал нь өрсөлдөөнд хэрхэн давуу тал, ялгаралыг бий болгохыг илүү ойлгуулж өгдөг байна. Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний сул талыг мэдэж байх нь маш өндөр зардалтай стратегийн алдаа гаргах, хэт ширүүн өрсөлдөөнт зах зээл рүү нэвтэрч орох эрсдлээс сэргийлдэг. Мөн өөрийн давуу тал болон зах зээлд гарч болзошгүй аюулыг мэдэж, бүтээгдэхүүн, үйлчилгээний өөрчлөлтийг өрсөлдөгчийнхтэй уялдуулан хийх нь урт хугацааны амжилттай стратеги, төлөвлөлтийн хамгийн чухал хэсэг юм.
Асуудлыг тодорхойлох 
Бизнес гэдэг нь байнгын санаачлага дээр тулгуурласан, нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор байгууллагыг өргөжүүлж, ашиг орлого олох, капиталаа арвижуулах эдийн засгийн үйл ажиллагаа байдаг. Бизнесийн үйл ажиллагаа амжилттай явагдах эсэх нь тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлсээс ихээхэн хамааралтай. Байгууллага өөрийн бизнестээ нөлөөлж буй дотоод болон гадаад орчны уялдаа хамаарлал, тулгарч буй асуудлаа танин мэдэхгүйгээр өөрчлөлт, шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлж чадахгүй. Тиймээс таны бизнесийн орчин болон цаашдын үйл ажиллагаанд тулгарч болох аль эсвэл тулгараад буй аюул, саад бэрхшээлийг илрүүлж, асуудлаа тодорхойлж гадаад болон дотоод орчноо гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй юм.
Эрсдлийг бууруулах
Эрсдлийг товчоор хэлвэл таны бизнест ашиг орлогоо олох үйл явцад үүсч болзошгүй тодорхойгүй нөхцөл байдал. Ихэнх бизнесийн байгууллага ашиг орлогодоо илүү анхаарч тэр бүр бизнесийн орчинд нь бий болж буй хүчин зүйл, саад бэрхшээлээ тооцож чаддаггүйгээсээ нэг л мэдэхэд эрсдлийнхээ өмнө зогсож байдаг. Мэдээж ирээдүйд хувь хүн, байгууллага, бизнес аль ч салбар, нийгэм улс оронд юу тохиолдож болохыг тодорхойлж чадахгүй. Гэхдээ таамаглал дэвшүүлж болно. Хэр бодитой, үнэн зөв болохыг магадлалын түвшингээр илэрхийлнэ. Эрсдлээс урьдчилан сэргийлэх, тойрч гарах, даван туулж чадах эсэхийг эрсдлийн шинжилгээ хийж тооцон гаргадаг. Та бизнесээ эрсдэлээс аврахын тулд төлөвлөгөө, сонголт, хувилбаруудыг боловсруулах хэрэгтэй болно. Эдгээрийг боловсруулахад бизнестээ судалгаа хийсэн байх хэрэгтэй ба судалгааныхаа мэдээллийг анхдагч болон хоёрдогч гэх мэт ямар нэгэн эх сурвалжаас олж авна. Судалгаанаас олж авсан мэдээлэл, үр дүнд үндэслэн эрсдлийг таамаглах боломжтой болох юм.
Оновчтой шийдвэр гаргах
Аливаа бизнес шийдвэр гаргалттай үргэлж тулгардаг. Оновчтой сонголт хийж шийдвэр гаргах нь таны бизнесийн цаашдын амжилтад нөлөөлдөг. Сонголт бүр ашигтай байх магадлын түвшингээрээ ялгаатай ба бий болох үр дүнгээрээ ч мөн адил ялгаатай. Иймд таны сонгож буй сонголт, хувилбар таны бизнест хэрхэн эрсдэл багатай шийдвэр болохыг судалгааны үр дүнгээр мэдэж болох юм. Тоо баримт, дүн шинжилгээний үр дүнгээс хамаарч шийдвэр гаргалтыг хийх нь хамгийн оновчтой үйлдэл байх болно.
Зардал хэмнэх 
Бизнесийн үйл ажиллагааг явуулахад тодорхой хэмжээний зардал гарах нь ойлгомжтой зүйл. Харин бид ашиггүй, үргүй зардал гаргаж байна уу гэдгээ хэрхэн мэдэх билээ. Таны бизнест бий болж буй зардал нь мөнгө, цаг, ажиллах хүчин, түүхий эд гэх мэт олон хэлбэр байх ба чухам аль зардал нь таны бизнесийн амжилтад илүү хүчтэй нөлөөлж буйг судлах хэрэгтэй. Нэгэн сонирхолтой жишээ дурьдвал, Амазон компани аварга том дэлгүүрийнхээ бүтэн цагийн ажилчдад ажлаасаа гарвал, 5,000 доллар хүртэл мөнгөн тэтгэмж олгоно гэсэн санал тавьжээ. Үүний зорилго нь тухайн компанийн ажилчид яг юу хүсэж байгааг мэдэхэд чиглэсэн бөгөөд үүний үр дүнд компанидаа сэтгэлгүй ажилчдыг илрүүлж, мөнгөө ч, цагаа ч хэмнэх үргүй зардал гаргахаас сэргийлж чадсан байна.
Өөр өнцгөөс харах 
Одоо үед бизнесийн байгууллага болон удирдлагууд байгууллагаа зөвхөн дотор талаас харж шийдвэр гаргаж болохгүй гэдэгтэй санал нийлэх болсон. Нэг талыг харж, үйл ажиллагаагаа явуулна гэдэг маш эрсдэлтэй зүйл болсон. Таны бизнесийг тойроод хувьсан өөрчлөгдөж байгаа зүйлс, нэг салбарт өрсөлдөж буй өрсөлдөгч компаниудын компанит ажил зэрэг бизнест тань нөлөөлж болохуйц хүчин зүйлсийг судлах мөн мэргэжлийн судалгааны байгууллагад хандан байгууллагаа судлуулах, зөвхөн дотоод тоон мэдээлэл бус гадна талаас нь судалгаа хийлгэх зэрэг нь танд бизнесээ өөр өнцгөөс харах боломжийг олгоно.

{$comments.length$} Сэтгэгдэл

  • image description

Сэтгэгдэл бичих

Нэвтрэх эсвэл бүртгүүлэх шаардлагатай